Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.01.29) боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм. Мэдээллийг тоймлон хүргэе.
Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 1204 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4 хувиар, захиргааны хэрэг 7.2 хувиар тус тус өсч, иргэний хэрэг 2 хувиар буурсан байна.
-ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСӨВ-
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.
· хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,
· хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,
· хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар,
· дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар,
· улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 2.4 дахин,
· авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 97 хэргээр буюу 15.3 хувиар,
· залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар,
· мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.
Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 162 хэргээр буюу 29.9 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 1 хэргээр буюу 50%-иар тус тус буурсан байна.
-ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО ӨСӨВ-
Монгол Улсын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар тус тус өссөн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувиар өсчээ. Өсвөр насны хүний тоо 65-аар буюу 18 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 204 буюу 11.5 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 115 хүнээр буюу 8.3 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 527 хүнээр буюу 30.4 хувиар тус тус өссөн байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 3852 байна. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 42.7 хувийг эзэлж байна.
-ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО БУУРАВ-
Улсын хэмжээнд 2017 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 877 хүн буюу 24.1 хувиар буурсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэлийг илүү тодорхой болгож хуульчилж өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байна. Цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо багассантай холбоотойгоор цагдан хорихоос татгалзсан хүний тоо 83 хүнээр буюу 24.8 хувиар өссөн дүнтэй гарсан байна.
-ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ БУУРУУЛАВ-
Улсын хэмжээнд 2017 онд нийт 332 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 154 хүн буюу 31.7 хувиар, хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 22 хүнээр буюу 56.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Эрүүгийн хууль /2015 он/-н шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2017 он/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж хууль буцаан хэрэглэсэнтэй холбоотой юм.
-ДАМПУУРЛЫН ХЭРГИЙН ТОО ӨСӨВ-
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 940 хэрэг буюу 2 хувиар буурсан байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 108 хэргээр буюу 2.3 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 6 хэргээр буюу 0.3 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 73 хэргээр буюу 15.3 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 300 хэргээр буюу 52.3 хувиар тус тус буурсан. Харин Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 18 хэргээр буюу 2.8 дахин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 3 хэргээр буюу 0.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
-ТӨРИЙН АЛБАНЫ МАРГААНЫ ТОО ӨСЧ, ГАЗРЫН МАРГААНЫ ТОО БУУРАВ-
Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 58.3 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 34.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 21.1 хувиар тус тус өссөн байна.
Харин сонгуулийн маргаан 77.2 хувиар, татварын маргаан 39.4 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 30.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12.5 хувиар, газрын маргаан 11.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 3.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
-ДАВЖ ЗААЛДАХ, ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОО НЭМЭГДЭВ-
Давж заалдах шатны шүүх 2017 онд эрүүгийн 1971 хэрэг, иргэний 3721 хэрэг, захиргааны 1668 хэрэг, нийт 7360 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 8.2 хувиар, иргэний хэрэг 19.7 хувиар, захиргааны хэрэг 14.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хяналтын шатны шүүх 2017 онд эрүүгийн 432 хэрэг, иргэний 1829 хэрэг, захиргааны 716 хэрэг, нийт 2977 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 3.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 10.5 хувиар, захиргааны хэрэг 30.7 хувиар тус тус өсчээ.