Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Японоос Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлийг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхөд ашиглана.

Японоос Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлийг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхөд ашиглана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаруг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Монгол, Японы ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, ард иргэдэд төвлөрсөн харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулаад, Монгол Улс гуравдагч хөрш болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг дурдаж, хоёр улсын өндөр түвшний айлчлал, хэлэлцээг цаашид эрчимжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Хөшигийн хөндийд шинэ дагуул хот байгуулах, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах төслүүдэд Япон Улсын дэмжлэгийг хүсэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон болон Австрали зэрэг орнуудтай хамтран хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн гурван шилжилтийг хурдасгахаар ажиллаж байгааг онцлоод, эдгээр чиглэлээр Япон Улстай хамтран ажиллахыг санал болголоо.

Элчин сайд Игавахара Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид бэхжүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах зэрэг салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийн хүрээнд Батлан хамгаалах тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээг соёрхон баталсанд талархал илэрхийллээ.

Элчин сайд Игавахара 2017 онд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдсэнээс хойш зогсоогоод байсан хөнгөлөлттэй, урт хугацаатай иений зээлийг Япон Улсын Засгийн газар дахин сэргээх шийдвэр гаргасныг мэдэгдэв.

Хоёр тал Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг өргөтгөхөд зээлийг нэн тэргүүнд ашиглахаар тохиролцов. Мөн Хөшигийн хөндийн шинэ дагуул хот байгуулах төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах болон бусад хөгжлийн төслүүдэд хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар нарийвчилсан судалгаа, хэлэлцүүлэг хийхээр санал нэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн