Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Японы 126 дахь Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нар 2025 оны долоодугаар сарын эхээр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь Японы Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.
Тус айлчлал нь түүхэн ач холбогдолтой бөгөөд Монгол, Япон хоёр улс ардчилсан нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг тул “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх онцгой стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлж, хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
2019 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Японы Эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах төрийн ёслолд оролцож байв.
2022 онд Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх, Тэргүүн хатагтай Лувсандоржийн Болортсетseg нар Япон Улсад төрийн айлчлал хийж, Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нартай уулзсан. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар Японы NHK танхимд болсон Монголын Морин хуурын чуулгын тусгай тоглолтыг үзэж, харилцан итгэлцэлтэй, ойр дотно харилцаагаа улам гүнзгийрүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн түүхэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх онцгой стратегийн түншлэл” болгон өргөтгөж, дараах дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнд:
- “Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа”
- “Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа”
- “Хүн төвтэй хөгжил, ард иргэдийн солилцоо”
- “Глобал асуудлаарх хамтын ажиллагаа”
Энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын ард түмний найрсаг харилцааны тулгуур багана болж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны суурийг тавьсан юм.
Японы Эзэн хаан Нарухито 2019 оны тавдугаар сарын 1-нд Хризантемийн сэнтийд заларч, “Рэйва” эрин үеийг эхлүүлсэн.
Эзэн хаан Нарухито, Эзэн хааны хатан Масако нар хаан ширээнд заларснаасаа хойш гадаадын хоёр улс руу айлчлал хийгээд байна.