Японы “Корокоро” гэх нэртэй комик сэтгүүл Чингис хааныг үл хүндэтгэсэн, ёс суртахуунгүй зураг зурж хэвлэлтэд гаргасан билээ. Энэхүү сэтгүүлийг уншсан монголчууд Чингис хааныг доромжилсон “Корокоро” сэтгүүлийн редакци руу залгаж, сэтгүүлээ хэвлэхийг зогсоож, улмаар худалдаанаас татахыг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани зах зээлд гарсан сэтгүүлээ татаж аваагүй учраас Японд амьдардаг монголчууд “Шогукан” компанийн байрны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Уг эсэргүүцлийн жагсаалд манай улсын иргэдээс гадна Өвөрмонголчууд иржээ. Шаардлагад “Гурван сарын 5-ны дотор бидний тавьсан шаардлагыг биелүүлж хэдэн саяар нь тараасан сэтгүүлээ татан авч биднээс уучлалт гуй. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол “Шогукан” компанийг шүүхэд өгөх болно.
Бид энэ хэргийг тодорхой үр дүнд хүртэл нь тэмцлийн хэлбэрээ зогсоохгүй ээ. Тиймээс эсэргүүцлийн жагсаал хийхэд зарцуулсан бүх зардлыг “Шогукан” компани даах болно” гэсэн утга бүхий шаардлагыг өнөөдөр хүргүүлжээ. “Корокоро” сэтгүүл Японы алдартай комик сэтгүүлүүдийн нэг бөгөөд хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид хүртэл унших дуртай юм байна. Одоогоор энэ сэтгүүл хэдэн сая хувь хэвлэгдэн уншигчдын гар дээр очсон нь тодорхойгүй байгаа аж.