Японы Засгийн газрын Нийгмийн аюулгүй байдлын үндсэн төслүүдийн хандивын сан Сүхбаатар аймгийн Ерөнхий эмнэлгийн засварын төслийг санхүүжүүлэхээр боллоо.
2024 оны 1-р сарын 9-ний өдөр Японы Монгол дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идербат нар Төслийн гэрээг байгуулсан байна. Гэрээ байгуулалтын ёслолд Хот, барилга, орон сууцны сайд БАТСУУРЬ Жадамба оролцлоо.
Сүхбаатар аймгийн Ерөнхий эмнэлэг нь тааз нь нурах, цахилгаан тоног төхөөрөмж гэмтэх, тог тасалдах зэрэг үргэлжилсэн асуудлуудын улмаас эмнэлгийн үйлчилгээнд аюул учирч, халдварын хяналт алдагдах эрсдэлтэй тулгарч байна.
Элчин сайд Игавахара Масару энэхүү төслийг хэрэгжүүлснээр эмнэлэгт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, эмч, ажилтнуудын ажиллах орчинд таатай, өвчтөнүүдэд аюулгүй, эрүүл орчинд эмчилгээ, арчилгаа үзүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Японы Засгийн газар Монгол Улсад Нийгмийн аюулгүй байдлын үндсэн төслүүдийн хандивын санг 1990 оноос хойш 34 жил хэрэгжүүлж байна. Эмнэлгийн засварын төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй 15 дахь төсөл бөгөөд энэ төслийн хандивын дээд хэмжээ нь 233,748 ам.доллар юм.
Нийгмийн аюулгүй байдлын үндсэн төслүүдийн хандивын сан нь хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд болон Японы гадаад дипломат төлөөлөгчдийн хамтын ажиллагааны төсөл юм. Төсөл нь орон нутгийн иргэдэд шууд ашиг тус авчрах зорилготой санхүүжилт олгодог.