Өмнөговь аймагт “Сайханы сарлаг-2019” баярыг тавдугаар сарын 25-ны өдөр явуулахаар төлөвлөж байна.
Тус аймагт сарлаг үхрийг өсгөн үржүүлж байгаа хэдхэн малчид байдаг. Тэд ихэвчлэн Гурвансайхан уулаа бараадан сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа бөгөөд малчдаа дэмжин жил бүр “Сайханы сарлаг” баярыг зохион байгуулдаг.
Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү баярыг сарлаг сүргийг говь нутагт өсгөн үржүүлэх мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, ачлага уналгад сургах зэрэг туршлага судлах зорилгоор зохион байгуулж байна.
Жил бүр “Сайханы сарлаг” баярын арга хэмжээг алдарт Ёлын аманд хийдэг бөгөөд уг баярыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн сарлагийн баярыг онцлог үр дүнтэй, өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулахаар боллоо. Өмнөговь аймагт 1200 гаруй сарлаг үхэр байна гэсэн тоон судалгаа байна.