2025 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улсад дараах хуулиуд хэрэгжиж эхэлнэ.
2024 онд Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 660,000 төгрөг байгаа бол 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 792,000 төгрөг болно. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1995 оноос хойш жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байжээ.
Малчдын тухай хуулийн 12 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улс малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна. Үүний үр дүнд банк, үйлдвэр, малчдын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нэмэгдэж, малчдын орон нутаг дахь ажиллаж, амьдрах нөхцөл улам сайжирна. Мөн малчдад зориулсан зээлийн болон даатгалын бүтээгдэхүүний хүрээ өргөжих боломжтой болно.
Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын хүн амын дундаж насжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2010 онд ажиллах хүчний насны хүн амын 10 хүн тутмын 1 нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд 4 хүн тутмын 1 нь ахмад настан байх төлөвтэй байна. Иймд ахмад настны тогтвортой орлогыг хангах үүднээс тэднийг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.
Эцэст нь, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Хөнгөлөлтийн хэмжээ тухайн татварын жилийн татвар ногдуулах орлогын 1 хувиас хэтрэхгүй байх юм.