Хятад Улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн явуулсан судалгаагаар, тус улсын хүн ам 2029 онд дээд цэгтээ буюу 1.442 тэрбумд хүрэх бөгөөд харин 2030 оноос эргээд буурах төлөвтэй байна.
Тодруулбал, 2030 оноос эхлэн тус улсын хүн ам тогтмол буурсаар, 2050 онд 1.364 тэрбум, 2065 онд 1.248 тэрбум болж 1996 оныхтой тэнцэнэ хэмээн таамаглажээ. Мөн төрөлт 1.6 хувьтай хэвээр байвал, 2027 оноос хүн ам нь буурч, 2065 онд 1.172 тэрбум буюу 1990 оныхтой адил хэмжээтэй болох аж.
2011 оноос эхлэн Хятад улсын хүн амын бүтцэд өндөр настнуудын эзлэх хувь хурдацтай нэмэгдэж эхлэжээ. Хүн амын дундах настай иргэдийн эзлэх хувь нэмэгдэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг тул арга хэмжээ авч эхлэх шаардлагатайг тус судалгаанд дурдсан байна.
Судалгаагаар тус улсын өндөр настнууд 2010-2040 онд 220 саяар нэмэгдэх аж. Энэ нь жилд 3.62 хувиар буюу 7.4 саяар нэмэгдэнэ гэсэн үг юм.
Үүнтэй зэрэгцэн хөдөлмөрийн насны иргэдийн тоо багасах асуудал үүснэ. 2017 онд тус улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоо 5.7 саяар буурсан байна. Хятад улсын хөдөлмөрийн насны иргэд 2050 онд 200 саяар буурна гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ.