Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

13 дахь удаагийн Үндэсний сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.

13 дахь удаагийн Үндэсний сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 13 дахь удаагийн Үндэсний сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт 2025 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 2024 оны 11 дүгээр сарын 23-24-нд сум, дүүргийн түвшинд, хагас шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 14-15-нд аймаг, нийслэлийн түвшинд тус тус болж өнгөрсөн юм.

Үндэсний аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн 104 эрэгтэй, 40 эмэгтэй шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Швейцарь системийн 8 тоглолттой тэмцээнд Завхан аймгийн уугуул, Хан-Уул дүүргээс оролцсон С. Сод-Эрдэнэ эрэгтэйчүүдийн ангилалд 7.0 оноогоор алтан медаль хүртсэн бол Монголын Хуульчдын холбооны шатарчин Д. Ганхүлэг мөн 7.0 оноогоор мөнгөн медаль, Баянзүрх дүүргээс оролцсон Т. Эрдэнэчулуун 6.5 оноогоор хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн Шатрын холбооны тамирчин И. Нангилмаа 6.5 оноогоор алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э. Тунгалагсайхан 6.0 оноогоор мөнгөн медаль, Баянхонгор аймгийн шатарчин Д. Азжаргал 6.0 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.

Монголын Шатрын Холбооноос гардуулдаг “Оюунлаг хууль тогтоогч” шагналыг Үндсэн хуулийн Тогтоогчдын холбооны ахмад шатарчид Д. Чилхаажав, Т. Гантөмөр, мөн УИХ-ын гишүүд Ж. Галбадрах, О. Амгаланбаатар нарт олгов.

13 дахь удаагийн Үндэсний сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байр эзэлж медаль хүртсэн тамирчид Монгол Улсын Спортын дэд мастер цолны болзол хангаж, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр батламж, тэмдгээ гардан авна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн