Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хүлээх зуураа Нарита нисэх онгоцны буудалд үр дүнтэй аялал хийх үү?

Хүлээх зуураа Нарита нисэх онгоцны буудалд үр дүнтэй аялал хийх үү?
Дараагийн нислэгээ хүлээж Нарита нисэх онгоцны буудалд олон цагаар саатах бол доорх мэдээллээс өөрт хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж аваад алтан цагаа хэмнээрэй.

Та Улаанбаатар хотоос таван цаг гаруй нисээд Терминал 1 дээр бууна. Сануулахад Япон улс манайхаас нэг цагийн зөрүүтэй.

Япон улсын хоёр дахь том олон улсын нисэх буудал болох Нарита нь гурван терминалтай. Терминал хооронд зорчих үнэгүй автобус өдөр бүр 5:00-аас 22:30 цагийн хооронд 7-10 минутын зайтай явдаг байна.

Юун түрүүнд танд нисэх буудлын үнэгүй WiFi-т холбогдох зааврыг хүргэе.

Wifi-аа асаагаад FreeWiFi Narita-г сонгоно. Дараа нь browser рүүгээ ороход автоматаар нэгэн сайт нээгдэнэ. Эхлээд ашиглах хэлээ сонгоод Connect to the Internet товч дээр дарна. Үүний дараа үйлчилгээний нөхцөл гарч ирэхэд I Agree товчийг дарснаар интернетэд холбогдоно.

Таны утасны цэнэг дуусна гэж санаа зоволтгүй учир нь тус нисэх буудалд хангалттай их утас цэнэглэгч бий. Мэдээж үнэгүй!

За ингээд танд Нарита нисэх буудалд олон цагаар саатахдаа хийж болох зүйлсийг хүргэе.

ШҮРШҮҮР

Урт нислэгийн дараа сайхан шүршүүрт орж сэргэмээр санагддаг уу? Тэгвэл нийтийн шүршүүр Терминал 1-ийн хоёр болон гуравдугаар давхарт  байрлах ба 6:30-аас 21:00 цагийн хооронд ажилладаг. Өрөө болгонд алчуур, саван, шампунь, биеийн саван, нүүр цэвэрлэгч, үсний сэнс зэрэг бий. Үнийн хувьд 30 минут нь 1030 иен (өнөөдрийн ханшаар 23,200 төгрөг) байдаг. Шүршүүр хаах цагаасаа 30 минутын өмнө сүүлийн үйлчлүүлэгчээ авдгийг анхаараарай.

НИСЭХ ЗУРВАС АЖИГЛАХ ТАЛБАЙ

Нисэх зурвас ажиглалтын талбай нь Терминал 1-ийн таван давхарт, Терминал 2-ын дөрвөн давхарт тус тус байрладаг. Энд та гадаа зассан талбайд тухлан онгоцыг ойроос харж, хөөрч, буух агшинг ажиглах боломжтой. Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд 6:30 – 21:00, аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд 7:00 21:00 цагийн хооронд нээлттэй байдаг. Зарим өдөр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хаалттай байж болзошгүй.

ЗАЛБИРЛЫН ӨРӨӨ

Нам гүм орчинд бясалгал, залбирал үйлдэх зориулалтын өрөө Терминал 1-ийн хоёр болон тавдугаар давхар,  Терминал 2-ийн нэг, Терминал 3-ын хоёр болон гуравдугаар давхарт байрлана.

ХҮҮХЭД АСРАХ ӨРӨӨ

Хэрэв та нялх хүүхэдтэйгээ явж байгаа бол Терминал бүрд живх солих тавцан, хүүхдийн ор, ус буцалгагч, хүүхэд хөхүүлэх бүхээг бүхий зориулалтын хүүхэд асрах газар байдгийг дуулгахад таатай байна.

Мөн тус онгоцны буудал нь хэд хэдэн хүүхэд тоглуулах хэсэгтэй. Гэвч энэ нь өдөр өнжүүлэх биш учир эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд заавал байх шаардлагатай.

Үүнээс гадна зөвхөн онгоцны буудал дотор хүүхдийн тэрэг үнэгүй ашиглах боломжтой ба мэдээллийн төв буюу Information Desk гэсэн хэсгээс лавлаарай.

СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Зарим онцгой өдрүүдэд Японы соёлын арга хэмжээ Терминал 2-т зохиогддог. Хуваарийг мэдээллийн төвүүдээс (Information desk) авна. Үүнд модон хүүхэлдэй болон цаасан урлал хийх сургалт явагддаг байна.

ТЭЭШ ХАДГАЛАХ ХЭСЭГ

Олон чемодан, овор ихтэй ачаа, тээштэй явж байгаа бол тус нисэх буудлын Терминал 1, 2-т байрлах тээш хадгалах шүүгээнд үлдээгээрэй.  Дунд зэргийн ачааг өдөржингөө хадгалахад ойролцоогоор 300-500 иен (өнөөдрийн ханшаар 6700-11,000 төгрөг) болно.

ХООЛНЫ ГАЗРУУД

Терминал 1-ийн гуравдугаар Терминал 2-ийн дөрөвдүгээр давхруудад хамгийн өргөн сонголт бүхий 24 цагийн Япон үндэсний хоол, олон төрлийн кафе, ресторан, МсDonald`s зэрэг түргэн хоолны газрууд бий.

Хэрэв та шөнийн цагаар дараагийн нислэгээ хүлээх бол бид танд тухтай амрах боломжтой буудлуудыг санал болгож байна.

Day Rooms: Терминал 1, 2-т байрлах цагийн өрөөг дамжин нислэг хийж байгаа зорчигчид ашиглах боломжтой. Цагийн өрөө нь дотроо шүршүүр, 00, нэг эсвэл хоёр ортой ба үнийн хувьд нэг ортой өрөө нь цагийн 1540 иен (өнөөдрийн ханшаар 34,000 төгрөг), хоёр ортой өрөө нь цагийн 2470 иен (өнөөдрийн ханшаар 55,000 төгрөг) байдаг. Та 1030 иенээр (өнөөдрийн ханшаар 22,800 төгрөг) 30 минут зөвхөн шүршүүр ашиглаж болно.

Nine Hours Narita Airport: 24 цагийн турш ажиллах энэ капсул зочид буудал нь Терминал 2-т байрлах ба хоногийн 4900 иен (өнөөдрийн ханшаар 109,000 төгрөг) байдаг. Зөвхөн шүршүүрт нь орох бол 1000 иен (өнөөдрийн ханшаар 22,000 төгрөг) төлөөд нэг цаг хүртэл ашиглах боломжтой.

Narita Airport Rest House: Нисэх буудлаас таван минут явж хүрэх ба үнэгүй автобус 20 минут тутам Терминал 1, 2-оос 6:20-с 23:15 цагийн хооронд явна. 4500 иен (өнөөдрийн ханшаар 99,300 төгрөг) төлөөд нэг өрөөг 9:00-с 17:00 цаг хүртэл ашиглах боломжтой.

Narita Tobu Hotel Airport: Нисэх буудлаас таван минут явж хүрэх ба үнэгүй автобус 30 минут тутам Терминал 1, 2-оос 7:45-с эхлэн явна.

Hotel Nikko Narita: Нисэх буудлаас 10 минут явж хүрэх ба үнэгүй автобус Терминал 2-ийн 33-р зогсоолоос Терминал 1-ийн 16-р зогсоолоос 4:40-с 00:30 цагийн хооронд явна.

НАРИТА НИСЭХ БУУДЛЫН ТЕРМИНАЛ 1-ИЙН ЕРӨНХИЙ ЗУРАГЛАЛ:

0 давхарт: Нарита хот болон Токио хот руу явах Метроны буудал, мэдээллийн төв, тасалбар худалдаалах цэг, гар утасны операторууд, аяллын компани, эмийн сан, дэлгүүр мөн Starbucks байдаг.

1-2 давхруудад: Та онгоцноос буугаад гаалын хяналтаар нэвтрээд энэ давхарт ирнэ. Энд дэлгүүр, банк, шүршүүр, метро болон автобусны тасалбар зарах цэг, илгээмжийн газар, интернет ба гар утасны компаниa, төлбөртэй лонж, жуулчны мэдээллийн төв, буудал захиалгын газар, цэвэрлэгээ, машин түрээсийг үйлчилгээ зэрэг бий. Мөн та Caffe Bene-р тухлах боломжтой. Харин гадаа нь автобус болон такси үйлчилгээнүүд бий.

3 давхарт: Дараагийн онгоцонд суухдаа та энэ давхарт байрлах гаалийн хяналтаар орж Япон улсын хамгийн том онгоцны буудал дахь татваргүй барааны дэлгүүрээр хэсэх болно.

Мөн энэ давхарт Япон үндэсний хоол, олон төрлийн Café болон Bar мөн МсDonald`s зэрэг бий.

Үүнээс гадна банк, гоо сайхны салон, хүүхдийн тоглоомын төв, метро болон автобусны тасалбар худалдаалах цэг, Японы соёлын танилцуулга, төлбөртэй лонж зэрэг байрлана.

4 давхарт: Олон улсын буцах хаалгаас гадна банк, интернет ба гар утасны компани, гоо сайхны салон, илгээмжийн газар зэрэг бий.

Энэ давхарт олон төрлийн хоолны газар байдаг бөгөөд Uniqlo, Hello Kitty зэрэг брэндийн дэлгүүр бий.

5 давхарт: Энэ давхарт Япон, Хятад үндэсний болон барууны хоолны газрууд, хүнсний дэлгүүр, хүүхдийн тоглоомын төв, үсчин, пасспортын зураг авахуулах газар, төлбөртэй лонжууд бий.

эх сурвалж: airmarket.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн