Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно
Энэ сарын 22-ны өдрийн 14:00 цагт Соёлын төв өргөөнд Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Хэлэлцүүлгийг өнгөрөгч оны 12 сарын 22-нө өдрөөс энэ оны 1 сарын 18 хүртэл НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр ирүүлсэн иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан зохион байгуулах бөгөөд иргэд оршин суугчдын дунд зонхилж буй газрын харилцаа, газар зохион байгуулалт, газрын алба, шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбогдох зөрчил, гомдлыг хэлэлцэнэ.
Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын 24 гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, БХБ-ийн сайд, дэд сайд, яамны ТБНД, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар урилгаар оролцож байгаа бол Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, Дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар тус тус оролцохоос гадна газрын харилцаатай холбоотой өргөдөл, санал гомдлоо ирүүлсэн иргэд, оршин суугчид хүрэлцэн ирж оролцож болох байна.
Газрын алба, газар зохион байгуулахтай холбоотой олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт иргэд та бүхэн өргөнөөр оролцож, шийдвэр гаргах шатны албан тушаалтнуудад өргөдөл, санал, хүсэлтээ илэрхийлж, газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг дээшлүүлэх гарцыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах боломжтой юм.