Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлтээр ойн арга хэмжээ эхэлж байна. Үзэсгэлэнийн нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НАМЗХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцсон юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцоллоо.
Уг үзэсгэлэнд тавигдаж буй түүхийн эд өлгийн зүйлсийг Очирын Баатар 1966 оноос эхлэн өнөөг хүртэл 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр хувийн цуглуулгуудаа Монгол Ардын Намд бэлэглэж буй нь энэ юм. Анх 1966 онд Д.Сүхбаатрын үйл хэргийг сурталчлахаар Хоёрдугаар сургууль дээр ханын сонингоор эхлэж үзэсгэлэнгээ гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг зэргийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болжээ.
Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, манай нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль гэх мэт олон зүйл багтжээ.
Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба 1944 онд 9 настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт идэвхитэй оролцсож клубын даргаас Баатар хэмээх нэр хүртсэнийг нь бэлэгшээж эцэг эх нь түүнийг Баатар хэмээн нэрийдэх болсон байна. Энэ үйл явдал түүнийг Сүхбаатар жанжины эд зүйлийг үзэсгэлэн нээх хэмжээний цуглуулах эхлэл нь болсон аж.
Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. Тэрбээр 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэж, Монгол Ардын намын үүсгэн байгуулж, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, харийн түрэмгийлэгчдээс улсаа чөлөөлсөн хувьсгалийн үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн түүхэн гавъяатай хүн билээ. 1921 оны 3 сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.