Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ хамрагдах боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ хамрагдах боломжтой
Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Жон Лангтри тэргүүтэй албаны хүмүүс саяхан Орхон аймагт ажиллах үеэр Орхон аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, “Орхон аймгийн Засаг захиргаанаас хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд эмч, багш нараас Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой” байгаагаа илэрхийлсэн юм. Австрали улс нь уул уурхайн технологи өндөр хөгжсөн бөгөөд инженерүүдийг ч мөн мэргэжил дээшлүүлэх боломжтой талаар энэ үеэр яригдсан. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа ажил хэрэг болох шатандаа орж Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-аасманай аймагт ирж өнөөдөр мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны  хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 орчим Монгол иргэн Австрали улсад суралцан төгсч, улмаар Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар” голчлон зохион байгуулдаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд  Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгодог байна. Тэтгэлэгт нь сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийз, байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд болон сард хоёр удаа олгодог амьжиргааны зардал, баримжаа олгох сургалтын зардал  буюу Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт, эрүүл мэндийн даатгал зэрэг зардлуудыг хөтөлбөрөөс олгодог.

Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд хамт явах асран хамгаалагчийнх нь зардлыг ч мөн шийдвэрлэдгээрээ давуу талтай. Австрали улсад явж суралцагсдын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эрэгтэйчүүдийг хөтөлбөрт хамруулан сургах сонирхол бас байдаг байна.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт сургалтын талаарх шаардлагатай мэдээллийг Австрали улсын элчин сайдын яам болон “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-ын http://australiaawardsmongolia.org/index.php/mn/ цахим хуудас, Орхон аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албанаас авч болно.  Өргөдөл хүлээн авах хугацаа 4 дүгээр сарын 1-нд дуусах юм.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн