Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна

Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна
Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд Олон улсын эх хэлний өдөр тохиодог.  ЮНЕСКО нь олон улсын Эх хэлний өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах үүрэг, амлалтаа эргэн санах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэйн мэндчилгээ дэвшүүлжээ

Мэндчилгээнд “Хэл нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй, хүн төрөлхтний оршин тогтнохын үндсэн нөхцөл юм. Бидний үнэт зүйлс, бидний итгэл үнэмшил, бидний хэн болохыг тодорхойлдог зүйлс бүгд хэлэнд шингэсэн байдаг. Бид өөрсдийн туршлага, өв соёл, мэдлэгээ хэлээр дамжуулдаг. Хэлний олон янз байдал нь бидний уран сэтгэмж, төсөөлөл, амьдралын хэв маягийн баялгийг гарцаагүй тусгадаг.
ЮНЕСКО нь хүн төрөлхтний биет бус өвийн энэ чухал бүрэлдэхүүн хэсгийг хадгалж, бэхжүүлэхийн төлөө хэлний олон төрөл, олон хэлний боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон жилийн туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Бидний явуулж буй үйл ажиллагаа сая сая залуусын оюун ухааныг төлөвшүүлэгч эх хэлийг онцгойлон анхаардаг бөгөөд эдгээр залуус эхлээд орон нутгийн түвшинд, дараа нь дэлхийн хэмжээнд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй билээ.
Тиймээс ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг. Мөн хүүхдүүд эх хэлээрээ суралцахдаа хамгийн сайн сурдаг учраас эдгэээр хэлийг сургуулийн бага ангиас эхлэн заахыг зөвлөдөг. Түүнчлэн, олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд төрөлх хэлээ ашиглахыг зөвлөж байна. Хэн ч өөрийн төрөлх хэлээс үл хамааран цахим ертөнцөд буй сурвалжид нэвтрэх, санал бодлоо хуваалцах тавцан бий болгох боломжтой байх ёстой. Өнөөдөр эл асуудал тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын 2030 хөтөлбөрийн цөм юм.
Хоёр долоо хоног тутам дэлхий дээр нэг хэл устаж байна, хэлтэй хамт бидний түүхийн нэгээхэн хэсэг, соёлын өв устаж байна. Олон хэлийг дэмжих нь түүх, өв соёлоо хадгалан үлдээхэд тусалдаг.
Нельсон Мандела гайхамшигтай үг хэлсэн байдаг. Тэрээр “Хэрэв хүнтэй түүний ойлгодог хэлээр ярилцбал, хэлсэн үгүүд тань түүний оюун ухаанд буудаг, харин түүний төрөлх хэлээр ярилцвал, үгс тань түүний зүрхэнд хүрнэ” гэсэн байна. Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО гишүүн орнуудыг боловсролын болон соёлын санал, санаачлагаар дамжуулан бидний баялагийг бүрдүүлж буй олон хэл, түүний олон янз байдлыг тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна” гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн