Номин цэнхэр далай,алтан шаргал элс,зах хязгаар нь үл мэдрэгдэн хөөсрөн шуугих их усан…Энэ бол ертөнцийн диваажин Хавай. Номхон дөлгөөн далайн тэг дунд орших энэ бүлэг арлууд чухам яагаад хүн төрөлхтний сэтгэлийг соронзон адил татах болов.Арлын оршин суугчдын найрсаг зочломтгой зан,байгаль эхийн хосгүй урлан болсон үзэмж төгс орчин,ая тухыг дээд зэргээр хангасан барилга байгууламж гээд аль аль нь л жуулчдыг татдаг байх. Гэхдээ Сувдан эрэгт наран жаргахыг үзэх гэж,орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй тэр л үдшийн анирыг өөрийн биеэр мэдрэх гэж ертөнцийн зах хязгаараас ч чухам Хавайг л зорин ирдэг ажээ.
Америкийн Нэгдсэн Улсын эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнө зүгт, Австралиас зүүн хойд зүгт Номхон далайн яг тэг дунд орших Хавай нь Оаху, Мауи, Кауаи,Хавай, Молокаи зэрэг найман том, 124 жижиг арлаас бүрддэг АНУ-ын 50 дахь муж улс юм. Физик газарзүй болон угсаатан судлалын хувьд Далайн орнуудын Полинезийн дэд бүсэд багтах Номхон далайн энэ ольтриг галт уулсын орон. Чухам галт уулсын орчинд л байх хосгүй үзэсгэлэнт байгалийг эндээс олж үзэх боломжтой. Ихэнх нь мөхсөн ч одоо хэр нь ажиллагаатай 2 ч галт уул Хавайд бий. Хэдийгээр хааяахан идэвхждэг эдгээр уулсаас халуун лав урсдаг ч далайн усанд ороод царцаж, харин ч арлын газар нутгийг л тэлдэг “ашигтай” гэлцэх юм билээ.
Ольтригийн хамгийн том арлыг Хавай гэдэг ч муж улсын нэрээс ялгахын тулд “Том арал” хэмээдэг. Харин Оаху арал газар нутгийн хэмжээгээрээ гуравт орох ч хавайчуудын 90 хувь нь энэ арал дээр амьдардаг. Нийслэл Хонолулу хот орших Оаху арлыг автомашинаар бүтэн тойроход ердөө дөрөвхөн цаг л зарцуулдаг юм байна. Оаху арал дээр амьдардаг хавайчууд бараг бүгдээрээ шахуу худалдаа,аялал жуулчлалын бизнес эрхэлж,Хонолулу хотын гол хэсэг болох далайн эргийн Вайкики дүүрэгт орших томоохон зочид буудлууд,ресторан,их дэлгүүрүүдэд ажилладаг ажээ. Вайкикид орон сууцны барилга гэж огтоос үгүй, энд зөвхөн зочин жуулчдад зориулсан,тэдний ая тухыг хангасан өндөр зэрэглэлийн тансаг зочид буудлууд,үйлчилгээний газрууд л байрлана.
Coach юмуу Louis Vuitton-ны цүнх, Tiffany,Chopard-ын үнэт эдлэл,Rolex-ын цаг гээд чансаатай эдлэлд дуртай нэгэн бол бүтэн өдөржин аялаад ч барахгүй олон брендийн дэлгүүр Вайкикид бий. Хэрвээ та Европын гял цал гоёлоос жаахан залхсан бол хавай урчуудын гараа гаргаж урласан шүрэн сондор,сувдан зүүлт, утга бэлгэдэл бүхий эртний сахиус зэргээс сонгон авч болох юм. Хавайн өнгө төрхийг хадгалсан цамц,даашинз,хясаан зүүлт ч бас дажгүй гоёлд тооцогдоно. Далайн эргийн дэлгүүрүүд шөнө дөл болтол ажилладаг болохоор оройтоно гэж айлтгүй. Гэхдээ дэлгүүр хэссээр яваад байгалийн сайхнаас хүртэхээ умартав. Вайкикийн эргийн наран шарлагын газрууд Хавайдаа л хамгийн ая тухтайд тооцогдоно.
Чухамдаа эндэхийн номин цэнхэр эрэг,алтан шаргал элс, “Diamond Head” буюу “Эрдэнэсийн толгой” нэртэй мөхсөн галт уул Хавайн нэрийн хуудас болж,зурагт хуудсанд мөнхөрсөн байдаг.Хавайн албан ёсны хэл нь англи хэл хэдий ч уугуул нутгийнхан төрөлх хэлээ умарталгүй харин ч боломжтой бүхий л хувилбараар хэрэглэдэг. Уугуул нутгийнхны хэл ердөө 12-хон үсэгтэйн дээр Р гийгүүлэгч байхгүй болохоор их л эгшиглэнтэй зөөлөн сонсогддог ажээ. Та бидний сайн мэдэх “Алоха” хэмээх мэндчилгээний үгийг тун ч олон янзаар хэрэглэдэг. “Сайн уу”,”Амьдрал ямар байна”,”Баяртай”,”Түр баяртай” мөн “Би чамд хайртай” гэхэд ч “Алоха” гэж хэлэхэд л хангалттай. Харин хавайчуудад талархлаа илэрхийлэх бол “Махало” гэж хэлээрэй.
Үзэсгэлэнт аралд зочилсон таныг хавайчууд Полинезийн уламжлалт “Луау” баяртаа заавал урина. Луау бол дуу хөгжим,бүжиг,тансаг зоог хосолсон жинхэнэ баяр цэнгээн.Энэ баярын гол зоог шарсан гахайн мах байдаг.
Өглөөн нарны эхний туяа далайн эрэгт тусахад гахайн махыг чулуунд булж баяр эхэлнэ.Өдөржин халуун наранд шарагдсан чулуун дор мах болж бидний мэдэхээр нэгэн зүйлийн хорхог бэлэн болдог. Энд гагц гахайн мах бус Полинезийн төрөл бүрийн амтат зоогийг ч таашаан хүртэх боломжтой. Энд сонирхуулахад Хавайн аралд дэлхийд хамгийн томд тооцогдох ханборгоцойн тариалан бий.
Dole хэмээх ханборгоцойн бүтээгдэхүүний алдарт үйлдвэр Оаху арал дээр байрладаг ажээ. Луау баяр үргэлж оргилон бадрах хайр сэтгэлийн тухай сайхан дуунууд,хөгжөөнт бүжиг цэнгээнээр нар шингэтэл үргэлжилнэ.Хавайн арал зөвхөн зугаа цэнгэлийн хотхон бус энд дурсан санах,эмгэнэн гашуудах түүхийн бараан толбо бий. Хонолулу хотоос долоон км-ийн зайд Сувдан эрэгт байрлаж байсан АНУ-ын тэнгисийн флотыг 1941 оны 12-р сарын 7-нд Японы онгоцууд бөмбөгдөж нэгдсэн улс Дэлхийн 2-р дайнд татагдан орсон түүхтэй. 2400 халуун амийг авч одсон эмгэнэлт явдлын гэрч болсон “Аризона” хөлөг онгоцны дурсгалын цогцолбор жуулчдын зорих дуртай газрын нэг.
Хорьдугаар зууны түүхийн бас нэгэн чухал үйл явдлын ул мөр энд бий. 1945 онд 6 улсын төлөөлөгчид Дэлхийн 2-р дайн дууссаныг баталсан баримт бичгийг Хавайд үйлдсэн. Уг бичгийн Америкийн хуулбар хувь, төлөөлөгчдийн гарын үсэг зурсан үзэг, тэдний сууж асан тэр л ширээн дээр энд үүрд хадгалагдан үлджээ. Хонолулу хотын Зэвсгийн музей дайны үнэн түүхийг танд мэдрүүлэхийн дээр үнэ төлбөргүй үйлчилгээ явуулдаг онцлогтой.Хавайн арлуудад одоо ч цэргийн бааз,тусгай обьектууд байрладаг болохоор цөөнгүй арал жуулчдын хувьд хаалттай бүс гэдгийг санахад илүүдэхгүй.Халуун орны түмэн зүйлийн содон загас,далайн амьтан ургамал агуулсан хачирхалтай аквариум,Африкийн сафариг санагдуулам “ам бүл олонтой” амьтны хүрээлэн гээд Хонолулу хотын танд гайхуулах зүйл мундахгүй.Бид энд Хонолулу хот,Оаху арлын тухай голчлон өгүүллээ.Угтаа энэ л аралд хүн амын дийлэнх нь амьдарч, худалдаа үйлчилгээ төвлөрдөг учраас тэр шүү дээ.
Хэрвээ та их хотын нүргээнт амьдрал,олны хөлөөс жаахан зайдуу амар тайван амрахыг хүсч байгаа бол Том арал, Мауи аралд очоорой.Гайхамшигт хүрхрээ,галт уулс,онгон дагшин ой хөвч гээд эдгээр арлууд ч бас үзэж харах юмтай. 150-250 доллар төлөөд та нисдэг тэрэг хөлөглөж,галт уулсын тогоо,гайхамшигт усан хүрхрээ,номин цэнхэр далайн эргийг тэнгэрээс тольдож болно.
Хавайг жинхэнэ утгаар нь үзэхийг хүсвэл зөвхөн нүдээр харж,гараар хүртэх бус бие сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй гэж уугуул нутгийнхан ярьдаг.Хавайн домог ёсоор галт уулсын оронд 40 мянга орчим сахиус шүтээн байдаг ажээ.Тэдгээрийн дотор зөвхөн сайн зүгийн ч бус догшин сахиус тэнгэр ч олон бий гэнэ.Жишээ нь галт уулын лавыг догшин тэнгэрийн мөр гэж үздэг учраас царцсан лавнаас авах, дурсгал болон хадгалахыг “муугийн ёр удна” хэмээн цээрлэдэг.Хавай хэмээх газрын диваажин таныг найрсагаар угтсан шигээ элгэмсэгээр үдэн гаргана.Магадгүй таныг дахиад морилон саатахыг урьсан болохоороо хавайчууд “Алоха” гэж үдэн мордуулдаг байх. Тийм,ээ “Алоха,Хавай!”