Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Эрүүл энх явбал мянга байтугай түм буман лан…

Эрүүл энх явбал мянга байтугай түм буман лан…

Эрүүл энх явбал мянга байтугай түм буман лан. Хүн эрүүл амьдрахын тулд өөрийн хийж чадах бололцоотой бүхнийг хийдэг байх хэрэгтэй. Гэвч зарим үед амьдралдаа мөрдлөг болгох энгийн хэдэн зүйлийг ч тэр бүр анзаарахгүй байх нь бий. Тэгэхээр уншигч танд эрүүл энх амьдрах 10 аргыг хүргэж байна.

1. Зүүрмэглэж сур!

Хэрэв та нойр сайтай бол боломжтой үедээ бага зэрэг унтаж бай. Ингэж чадвал таны биеийн болон оюуны чадавхид эергээр нөлөөлж, бүтээлч чадварыг дээшлүүлнэ. Үдийн хоолны дараа бага зэрэг зүүрмэглэх нь тун ашигтай гэж эрдэмтэд үздэг. Гутлаа тайлаад, хөшгөө хаагаад 14 минут л тайван унтаж чаддаг байх хэрэгтэй.

2. Зөв сууж сур!

Ихэнх хүмүүс сандал дээр буруу сууж, урагшаа хэт тонгойсноос тэнцвэрээ алдаж, их эвгүй байдалд ордог болохыг эмч мэргэжилтнүүд тогтоожээ. Хэрэв та ихэнх цагаа ширээний ард өнгөрүүлдэг бол биедээ аль болох эвтэйхэн байдлаар сууж бай. Сандал тогтвортой, түшлэг нь тохирсон, өгзөг, өвдөг хоёр чинь нэг түвшинд байрлаж өсгий чинь шалан дээр бүтэн тавигдсан байх шаардлагатай.

3. Сэтгэж сур!

Аливаа юмыг хүн яаж хүлээж авахаас бүх зүйл шалтгаалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ хэцүү байх талаар нь бус, харин энэ ажлыг хэрхэн яаж амжилттай дуусгах тухай л боддог бол та юуг ч хийж чадна.

4. Биеэ суллаж бай!

Зарим тохиолдолд юу ч хийхгүй зүгээр байх нь хамгийн зовлонтой юм шиг байдаг. Гэхдээ хэсэг хугацаанд зүгээр суухад биеийн идэвхжил сайжирдаг байна. Ингэж биеийнхээ идэвхжлийг сайжруулъя гэвэл үе үе юу ч хийхгүй амарч байх хэрэгтэй. Биеэ аль болохоор сул тавьж нэг хэсэг хугацаанд байж чадвал таны идэвх дээшилнэ.

5. Байнга хөдөл!

Биеэ тогтмол чийрэгжүүлж, дасгал сургууль хийдэг байх хэрэгтэй. Энэ нь тархи болон бусад эрхтнийг хүчилтөрөгчөөр хангах үйл ажиллагааг сайжруулна. Мөн биеийн тамирын дасгал хийж хөлрөх нь усанд орсон мэт сэтгэгдэл төрүүлж бие хөнгөрүүлдэг. Байнга хөдөлгөөнтэй байж, биеийн тамирын дасгал хийхийн бас нэг ашигтай тал нь нойронд сайнаар нөлөөлдөг. Өдөр бүр дасгал хийдэг хүмүүс өдөржин хэвтэж өнждөг хүмүүсээс илүү нойр сайтай байдаг. Тиймээс өглөө нь илүү сайн амарч босдог. Тиймээс хөдөлгөөний ач тусыг мэдэрье гэвэл 7 хоногт 3-4 удаа 30 минутаас багагүй хугацаагаар хөдөлгөөнтэй байж биеийн тамирын дасгал хийгээрэй.

6. Хөнгөн хоолло!

Хэзээ ч нэг дор хэт их хоол бүү ид. Ингэх нь хоол боловсруулах эрхтнүүдийг дэндүү их ачаалалд оруулдаг муу талтай. Тэр их хоолыг шингээх үйл ажиллагаанд маш их эрчим хүч зарцуулагддаг. Тиймээс хоолоо хэтрүүлэлгүйгээр тохируулж идэж сур. Их хоол идсэний дараа хүний нойр хүрдэг. Гэдэс цатгалан унтах нь тийм ч сайн зүйл биш. Тиймээс ямар ч хоол идсэний дараа нойр хүрэхээргүйгээр л өөртөө тааруулж идэх хэрэгтэй.

7. Цагаар хоолло!

Элсэн чихрээс бүр мөсөн татгалзаж болохгүй. Учир нь цусанд байх ёстой сахарын хэмжээ гэж бий. Цусанд чихрийн хэмжээ бага болчихвол биеийн болон оюуны эрч хүч амархан мохож доройтдог. Хэрэв та хооллох ёстой хугацаандаа хооллохгүй олон цаг болдог бол цусан дахь сахарын түвшингээ эрс бууруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Иймээс та өлсөөгүй байсан ч тогтмол цагтаа хооллож байгаарай. Хоол идмээргүй бол ядахдаа хөнгөн зууш, жимс ч болсон идэж байгаарай. Харин амттан идэх хэрэггүй. Яагаад гэвэл цусанд сахар дутагдсан үед ямар нэгэн амттан идэх хүсэл төрдөг. Амтлаг идээ ундаа нь сахарын түвшинг маш амархан өсгөдөг бөгөөд цаашдаа цусан дахь сахарыг байнга нэмэгддэг болгох муу талтай.

8. Байнга шингэн уу!

Хүний биеийг цэвэршүүлдэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол шингэн унд юм. Гэхдээ хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, савлагаатай жимсний шүүс биш юм шүү. Хүнд хамгийн ашигтай шингэн бол цэвэршүүлсэн ус, ногоон цай, рашаан. Хоол хүнснээс биед хуримтлагдсан хаягдлыг их хэмжээний шингэн тогтмол хэрэглэснээр биенээсээ зайлуулж болно.

9. Кофенд бүү дурла!

Кофенд кофейн байдаг нь нууц биш болсон. Энэ нь хүнийг өөртөө амархан дасал болгодог зүйл. Кофе, цай, пепси, коко кола зэрэгт агуулагддаг кофейн хүний энергийг хурдан өсгөдөг хэдий ч тархинд шууд нөлөөлж сайн унтаж амрахад тань саад болдог гэмтэй. Өөрөөр хэлбэл оройн цагаар кофейн хэрэглэх тусам та нойронд улам л муу болно гэсэн үг. Тиймээс өдөрт уух кофегоо 1-2 аягаас бүү хэтрүүлж бай. Үдээс хойш бол энэ ундааг хэрэглэхгүй байвал бүр ч сайн.

10. Архийг багасга!

Архийг тогтмол хэрэглэх нь зүрхэнд муугаар нөлөөлдөг гэдгийг нэгэнт олж тогтоосон. Спиртийн төрлийн ундааг тогтмол хэрэглэх нь хүнийг ямар ч идэвхгүй болгодог. Учир нь согтууруулах ундааг хэрэглэхэд хүний цусанд агуулагддаг сахарын түвшин огцом өсөөд, дараа нь мөн огцмоор унадаг байна. Цусан дахь сахар ингэж уналаа гээд сэргээхэд маш их хугацаа, хүч шаардагддаг байна. Тиймээс ч хүмүүс архи уусныхаа маргааш шартдаг. Нөгөө талаар архи нь биед байгаа шингэнийг гадагшлуулж хүний бие организмыг цангаадаг. Энэ нь бөөрөнд муугаар нөлөөлж яваандаа өвчлүүлдэг байна. Тиймээс та архи уусан бол араас нь юм уу маргааш өглөө нь их хэмжээний шингэн зүйл ууж байгаарай.

Дээрх 10 арга, дүрмийг та өөрийн амьдралдаа хэрэгжүүлж сурвал та эрүүл амьдрах үндэс суурийг тавилаа л гэсэн үг. Танд эрүүл энхийг хүсье!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн