БНХАУ-ын ШУА-ийн харъяа Ухаалаг технологи, тархи судлалын тэргүүлэх төвийн эрдэмтэд АШУҮИС-ийн урилгаар монголд айлчилж байна. Тэднийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзлаа.
Энэхүү бүрэлдэхүүнд БНХАУ-ын Тархи cудлалын тэргүүлэх төвийн захирал, академич Мү Мин Поо, Шанхайн Жиао Тонг Их сургуулийн дэд ерөнхийлөгч, академич Гуо-Чиэн Чэнь, Шанхайн Жиао Тонг Их сургуулийн профессор Жинкэ Чэнг, Хятадын ШУА-ийн ухаалаг технологи, тархи судлалыг дэмжих төвийн ерөнхий захирал Зи-Лон Чиу болон тус төвийн тархи мэдрэлийн системийн механизмыг судлах лабораторийн эрхлэгч, доктор Тиан Мин Янь нар байлцлаа.
Тархи судлалын тэргүүлэх төв нь улсдаа нэг номерт бичигдэх болсон нэр хүндтэй байгууллага бөгөөд 1999 онд байгуулагдсан 20 жилийн түүхтэй аж. Улмаар 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пинг Хятадын Шинжлэх ухааны Академийн бүтэц үйл ажиллагаанд өөрчлөлт хийхдээ тус төвийг Тэргүүлэх технологийн түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий төв болгон өргөжүүлснээр Хятадын ШУА-ийн тэргүүлэх технологи түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий 4 төвийн нэг болжээ. Энэхүү төв нь хамтын судалгааны багийг бүрдүүлэх замаар Хятадын ШУА-ийн тухайн салбарын шилдгүүдийг нэгтгэн салбар дундын судалгаа хийдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Хятадын ШУА-ийн салбар бүрийн олон тооны судлаачдыг эгнээндээ элсүүлж тухайн судлаачдаа шинжлэх ухааны салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх даалгавар бүхий судалгааны ажилд татан оролцуулдаг байна. Эдгээр судалгааны багууд нь тархи мэдрэлийн шинжлэх ухаанд тулгамдаад байгаа асуудлуудыг хариуцах, ухаалаг технологийг улам боловсронгуй болгох тархины эсийн бүтэц нарийн тооцоолол хийж, шинэ ухаалаг технологи дээр ажилладаг байна.
Ийнхүү төвийнхөө талаар танилцуулсан академич Мү Мин Поо “Цаашдаа Монгол улсын ШУА-тай дээрх тэргүүлэх технолгийн судалгааны ажил дээр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээлээ.
Харин ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хөрш орны маань нэр алдартай эрдэмтэд монгол улсад айлчилж байгаад баяртай байна. Монгол улсын ШУА БНХАУ-ын ШУА-тай хамтын ажиллагаатай байдаг. Хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.