Хотын дарга С.Амарсайхан Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм. Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо хуваалцсан.
Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хүүхэд багачуудын дунд Улаанбаатар хотын түүх, соёлын талаар танин мэдэхүйн асуулт асууж, амжилттай хариулсан хүүхэд бүрт “Бумбардай”, “Явуубаатар” зэрэг ном бэлэглэв. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Номын баярын өдөрлөгтэй холбоотойгоор өнөөдөр Засаг даргын “Явуулын оффис”-оо нээж, алслагдсан сургуулийн сурагчдын санал бодлыг сонсож, ном уншихын ач холбогдлын талаар тэдэнтэй ярилцлаа. Бидний ирээдүй хойч ямар их хүсэл тэмүүлэлтэй, өмнөө тавьсан том зорилготой байгааг хараад эрхгүй бахархаж байна. Цаашид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид энэхүү явуулын ажлын байранд иргэд, олон нийттэй уулзаж, асуудлыг аль болох газар дээр нь шийдвэрлэх юм” хэмээв.
Хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай уулзлаа. Хотын Захирагчийг тус сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид угтан авч, захирал Ө.Болормаа сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус сургуулийн шинээр барьж буй 640 хүүхдийн өргөтгөлийн байрыг ашиглалтад ороход тулгамдаад буй зарим нэг асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Ингэснээр алслагдсан нэг сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн Аялал Жуучлалын газрын дарга Д.Батсүх “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Хотын аялалын автобус” төсөл маань эхлэхэд бэлэн болоод байна. Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа “Номын баяр”-ын үйл ажиллагаанд зориулж, хотын алслагдсан дүүргийн хүүхэд багачуудыг өргөнөөр оролцоход нь бид дэмжлэг үзүүлж байна. Номын баярын гурван хоногийн үйл ажиллагааны үеэр “Хотын аялалын автобус” маань нийслэлийн алслагдсан дүүрэг хороодын хүүхэд багачуудад үйлчлэх болно. Мөн Улаанбаатар хотын түүх, соёлын талаар мэргэжлийн хөтөч сурагч хүүхдүүдэд ярьж сонирхуулахын зэрэгцээ танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн явуулж байгаа” хэмээв