Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ.

Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм байна.

Түүнчлэн төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлнэ.

Мөн Засгийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүний усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологийн өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи-тектоникийн суурь мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ач холбогдолтой гэдгийг танилцуулгад дурджээ.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн