Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурлын 16 дугаар чуулган (COP16) 2024 оны 12 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд Саудын Арабын Эр-Рияд хотноо болно. UNCCD-ийн COP16 нь чухал үйл явдлаас илүү глобал түвшний хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, газар болон гангийн тэсвэрлэх чадварыг хүн төвтэй хандлагаар хурдасгах боломж олгох түүхэн мөч болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бага хуралд дараагийн зохион байгуулагч орны төлөөлөгчөөр оролцоно. Хурлын үеэр тэрээр Монгол Улсын Засгийн газрын цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой холбоотой байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамед, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Администратор Аким Стайнер нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17) 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдана.
COP16 нь дэлхийн түвшний шинэчлэгдсэн амлалт өгч, газар сэргээх, гангийн эсрэг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хурдасгах түүхэн эргэлтийн үйл явдал болно.