2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн дагуу “Тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг өмнөх жилийн дундаж инфляцын түвшинд нийцүүлэн жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх”-ээр заасан байдаг.
Үүний дагуу Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, доод хэмжээг шинэчлэх тогтоол гаргалаа. Энэ тогтоолын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгогдож буй тэтгэвэр болон цэргийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд энэхүү тогтоолыг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн байна.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 689,000 төгрөг, харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөг байхаар тогтоожээ.
Энэхүү тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд зургаан хувийн тэтгэвэр нэмэгдлийг хэрэгжүүлэхэд шаардагдах 297.4 тэрбум төгрөгийг 2025 оны Нийгмийн даатгалын сангийн төсөвт тусгасан байна.