Дархан-Уул аймгийн ногоон байгууламжийг нэг хүнд ногдох хэмжээг 24 м.кв хүртэл нэмэгдүүлнэ
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийн хүрээнд Дархан хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 24 м.кв хүртэл нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх юм.
Мөн талууд 200 га талбайд агроойн аж ахуй эрхэлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах ажлыг эхлүүлэн, дотоодын хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү хамтын ажиллагаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 10-ыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод,” “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд, мөн Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үндсэн зорилгуудыг дэмжин хэрэгжинэ.
Үүнээс гадна дараах зорилтуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Хотын иргэдийг цэвэр агаар, цэвэр ус зэрэг өндөр чанартай экосистемийн үйлчилгээгээр хангах, хотын ногоон байгууламж, ойг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
- Уур амьсгалд дасан зохицсон, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийн систем, богино хангамжийн сүлжээг хот орчимд бий болгохыг дэмжих.
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эдийн засгийн зарчимд нийцсэн хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчин сайжруулалтыг дэмжих.
- Эрчим хүч, усны нөөцийг тогтвортой, тэгш хүртээмжтэй ашиглах, хотын хүнсний хангамжийг тогтвортой, хүртээмжтэй байлгах зорилтууд багтана.