Халдвараар өвдсөн гурван нас долоон сартай хүү гурав хоногийн өмнө харамсалтайгаар өөд болсон мэдээ нийгмийг түгшээж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд үр хүүхэд нь өвдөхөөс илүү хүнд асуудал байхгүй билээ. Тэгвэл тус цахилгаан гэх тодотголтой менингококкт халдвараар хэрхэн урьдчилан сэргийлэх, өнгөрсөн хугацаанд болон одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс юуг анхааруулж байгаа талаар нэгтгэн хүргэж байна.
Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч тав хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг.
Нийслэлийн нутаг дэвсгэрт менингококкт халдварын сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн. Нэг нь Баянгол дүүрэг илэрсэн. Тус сэжигтэй тохиолдлын хувьд 2024 оны арванхоёрдугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй хүүхэд бөгөөд гэртээ тусгаарлагдсан байна. Хоёр дахь нь Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд одоогоор батлагдаагүй.
Тиймээс хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хаана ч илүүдэхгүй гэдгийг бага насны хүүхэдтэй гэр бүл анхаарах зайлшгүй шаардлагатай. Халдварын үед:
- Өндөр халуурах
- Бөөлжих
- Толгой өвдөх
- Нойрмоглох
- Цусархаг тууралт гарах
- Гэрэлд цочимтгой болох
- Дагз хөших
- Таталт өгөх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн, нийслэлд байгаа тохиолдолд шууд ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт очихыг зөвлөж байна.
5-12 ДУГААР САРД ХАЛДВАРЫН ИДЭВХЖИЛ ӨНДӨРСЧ III САРД ДЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ!
Халдварын тохиолдол батлагдсан сургууль, цэцэрлэгийг эцэг эхчүүдийн зүгээс түр хаах, цахимд үилжүүлэх хүсэлтэй байгаагаа цахим хуудаст илэрхийлж буй. Гэхдээ менингококкт халдварын идэвхжлийн үе хавар хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх тавдугаар сар хүртэл өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй учир халдвар батлагдсан сургалтын байгууллагад хөл хорио тогтоох боломжгүй байгаа аж. Менингококкт халдвар нь улиралчлалтай явагддаг. Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилийг авч үзвэл 5-6 жилийн давтамжтайгаар өвчлөл нэмэгддэг зүй тогтолтой гарч. Хамгийн сүүлд 2019 онд менингококкт халдварын олон тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр 2025 он улиралчлалын хувьд тав дахь жил таарч байгаа учраас ирэх хавар менингококкт халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байна.
Менингококкт халдвар 5-12 дугаар сар хүртэл идэвхжиж байдаг бөгөөд дэгдэлтийн хамгийн оргил үе нь гуравдугаар сар аж.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.ЧИНБАЯР:
-Менингококкт халдвар нь Монгол Улсад огт гардаггүй биш. Жилд 3-4 тохиолдол бүртгэгддэг. Халдвар үүсгэдэг тээдэг хүмүүс ард иргэдийн дунд байдаг. Нэгэнт халдвар илэрч батлагдсан тохиолдолд ойр хавийн хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Анги, гэр бүл, байгууллагын хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг хийж антибиотик уулгадаг. Мөн ахуйн буюу гэр бүл, анги хамгийн ойр байдаг хүмүүсийг өвчний нууц үед ажиглаж тусгаарлалт хийнэ. Тухайлбал, хүүхэд өвдсөн бол ээж нь гэрээр долоо хоног тусгаарлагадана.
Түүнээс биш нэг дүүрэгт менингококкт халдвар гарлаа гээд тухайн дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй.
Менингококкт халдвар нь өөрөө онцгой халдварладаг. Өөрөөр хэлбэл, дээр үед багш, эмч нар халуун амьсгалаар халддаг өвчин гэж ярьдаг байсан. Халуун амьсгал гэдэг нь хамгийн ойрын хавьтал буюу нэг анги, нэг гэрт удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлж байгаа юм. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт. Мөн дуслын халдвар буюу амнаас ярихад үсэрч буй дуслаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс маск зүүхийг зөвлөж байна.