УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай гурван нам хамтран Засгийн газар байгуулсан агаад үүнийгээ тайлбарлахдаа олон жил гацсан төслүүдээ урагшлуулах зорилготой гэж байв. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг нь 14 мега төслийг хэрэгжүүлж, нэг монгол хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхэд чиглэгдсэн. Засгийн газраас зарласа 14 мега төслийн нэг нь ураны хөрөнгө оруулалтын гэрээ.
Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын ЗГ, Франц Орано группын удирдлагууд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан нь цөмийн энергийн салбарт урагшлах онцгой алхам болов. Уг гэрээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эргэлтийн цэг болсон юм.
УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг /2024.11.21/-нд эцэслэн баталсан нь 27 жилийн турш олон саад тотгортой удаа дараа тулж байсан ураны төслийг урагшлуулах, Монгол Улс гуравдагч оронтойгоо хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх чухал хөшүүрэг болсон. Угтаа уран монголчуудын хувьд шинэ нэр томьёо, шинэ содон ойлголт байхаа болиод удсан. Цөмийн энергийн комиссын мэдээлснээр, Монгол Улс ураны 192 мянган тонн батлагдсан нөөцтэй гэсэн мэдээ байна. Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга давсан эрдэсжсэн цэг байдаг аж. Монгол Улсад 1947 оноос анх ураны хайгуулыг хийжээ. ЗХУ-ын үед хийсэн хайгуулаар хамгийн их нөөцтэй орд нь 28.8 мянган тонны нөөцтэй Дорнод, 16 мянган тонны нөөцтэй Гурванбулагийн орд байсан бол 1997 онд хуучин нэрээр Кожеговь ХХК (Орано Майнинг компанийн охин компани) Монгол Улсад геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү 2006 онд 7000 гаруй тонны нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тонны нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь улс бүртгэн хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ураны нөөцөөрөө өнөөдөр дэлхийд 10-т багтахад өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас ураны нөөц илэрнэ гэсэн итгэл тээж эрэл хайгуул хийж байсан судалгаа шинжилгээний багийнханы хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, итгэл үнэмшил, гавьяаг мартаж болохгүй. Тэд өчигдрийн түүхийг өнөөдөрт хүргэсэн түүчээлэгчид юм. “Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хийж, газар доор уусган олборлох технологиор шар нунтаг бүхий байгалийн 10 гаруй тонн шар нунтаг одоогоор үйлдвэрлээд байна.
Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жил бүр 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны осол гэмтэл гаргалгүй ажиллан, орон нутгийн иргэдээс бүрдсэн туршилтын баг газар доор уусган олборлох технологийг аюулгүй ашиглаж үйлдвэрлэлийн туршилт амжилттай өндөрлөсөн үр дүнтэй байна. Газар доорх уусган олборлох арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бөгөөд дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг арга аж. Мөн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай. Дэлхий дээрх нийт ураны 60 орчим хувийг газар доор уусгах технологиор олборлож байна. Өөрөөр хэлбэл, ураныг газар доор уусган олборлох технологи Монголчуудын хувьд шинэ нөү хау мөн боловч дэлхийн улс орнуудын хувьд туршигдсан, батлагдсан, нотлогдсон шалгарсан арга юм. Уран олборлолтоор тэргүүлэгч “Орано Майнинг” компанийн хувьд дэлхийн олон улсад уран үйлдвэрлэсэн 70 жилийн туршлагатай. Дэлхийн хамгийн том газар доор уусган олборлох /ГДУО/ ураны уурхайн нэг болох Казахстан улсад дээрх аргаар олборлолт явуулж байгаа бөгөөд уг технологиор мэргэшсэн гэж товчхондоо дүгнэж болох юм.
“МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААН ЯЛАВ. ПОПУЛИЗМ ГУДАМЖИНД ҮЛДЭВ”
Ураны салбар руу Монгол Улстай ижил гараанаас гарсан Казахстан улс өнөөдөр дэлхийд салбартаа тэргүүлж байна. Угтаа биднээс хөгжлөөрөө хол тасарсан. Дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг дангаараа нийлүүлж чадаж байгаа тус улсын дараагийн амбиц атомын цахилгаан станцтай болох. Атомын цахилгаан станц барих талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулахад нийт судалгаанд оролцогчдын нь 71 хувь дэмжээд байна. Харин Монгол Улс сая л нэг уран олборлох гэрээнд гарын үсэг зурсан нь оройтсон ч оносон шийдвэр болсон гэдгийг салбарын эрдэмтэн, судлаачид өнгөрсөн хугацаанд хангалттай баримт нотолгоо, судалгаан дээр үндэслэн тайлбарласан гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. Олон жилийн турш түмэн бэрхшээлийг давж ураны хөрөнгө оруулалтын гэрээг зурсны дараа Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр “Монголд шинжлэх ухаан ялав. Популизм гудамжинд үлдэв” гэж тэмдэглэв.
Дэлхийн хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр эрчим хүч хэрэглэгчдийн тоо тэлсээр байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амд өнөөдрийнхөөс хоёр дахин их цахилгаан эрчим хүч шаардагдана гэсэн тооцоо бий. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр дэлхий нийтээрээ нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа. Энэ хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг дэлхий нийтийн өмнө хүлээсэн. Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулахад нүүрстөрөгчийн цахилгаан үйлдвэрлэлээ багасгах шаардлагатай бид нүүр тулгарч байгаа. Тэр утгаараа Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдэд хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлж буй юм. Дэлхийн улс орнуудын хувьд нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цөмийн эрчим хүч ашиглахыг чухалчилж байна. Энэ хэрээр тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сорилтыг бий болгож байна. Монгол Улсын экспортын голллох түүхий эд болох түүхий нүүрсний хэрэглээнээс дэлхий нийтээрээ татгалзахын сацуу, нүүрсний хэрэглээгээ жилээс жилд бууруулах амлалт өгч, үүрэг хүлээж байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ буурсаар байгаа нь гашуун үнэн юм.Ийнхүү дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчөлтөд санаа зовниж нүүрстөрөгчийн хийн хэмжээгээ бууруулахыг зорьж байна. Нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний хэрэглээнд шилжиж байгаа энэ үед цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэж байгаа эрэлтэд тулгуурлаж дэлхий дээрх цөмийн эрчим хүчний станцын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг одоогоор ажиллаж байгаа 445 цөмийн реактор хангаж, шинээр 54 реактор баригдаж байгаа гэх тооцоо гарчээ. Олон улсын атомын энергийн агентлагийн “Улаан ном-2020”-д дэлхийн ураны эрэлт хэрэгцээ өнөөдөр 60 мянга тонн байгаа бол 2040 он гэхэд 100 мянган тоннд хүрч 67 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар судалгаагаар тогтоосон.
Товчхондоо, дэлхийд нөөцийн хэмжээгээрээ 10-т багтсан, Монгол Улсын уул уурхайн экспортын шинэ түүх, үүц болох ураны үнэ цэн ойрын жилүүдэд эрчимтэй өсөх эерэг хүлээлт эндээс харагдаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурснаар 2025-2028 онд барилга, байгууламж дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийж, 2028-оноос олборлолтоо эхлүүлэх эхний дүр зураг тодорхой болсон. Олборлолт эхэлсэн цагаасаа хойш 30 жил үргэлжлэх бөгөөд олборлолтын дараах нөхөн сэргээлт болон түүний дахин төлөвлөлтийг 10 гаруй жилийн хугацаанд хийж, урт хугацааны байгаль орчны хяналтыг гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл, 2050 он гэхэд сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэж, Монгол Улсын мөнхийн хөрш БНХАУ-д 200 гаруй цөмийн ректор барихаар төлөвлөсөн байна. Угтаа 2030 оноос ураны уурхайн нийлүүлэлт эрэлтээ бүрэн хангаж чадахааргүй дүр зураг, тооцоолол гараад буй. Хэрэв хоёр орны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолтыг 2028 оноос эхлүүлбэл Монгол Улс дэлхийн уран олборлолтын 2-4 хувийг нийлүүлэх тогтвортой байр суурь эзлэх юм. Ийнхүү Монгол Улс ойрын жилүүдэд цөмийн эрчим хүчний түлшний түүхий эд болох ураны салбарт томоохон тоглогч болох боломж, суурь нөөц бүрдэхээс гадна ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийлээ. Энэ бол Монгол Улс дэлхийд оруулах хувь нэмэр юу вэ? гэдэг асуултын хариулт юм.
“Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг ардын сайхан үг бий. Бид өнгөрсөн хугацаанд ураны талаар эерэг болон сөрөг хангалттай олон таамаг дэвшүүлсэн. Уран бол монголчуудын хувьд эмзэг сэдэв байсан. Уран гэхээр мал амьтан хордож үхдэг, хэдэн толгойтой төл төрүүлдэг, хүн байгалийг хордуулдаг цацраг идэвхтэй бодисоор төсөөлдөг цаг одоо ард үлдсэн гэж итгэж байна. Угтаа орчин үеийн шинжлэх ухаанд суурилж уран хайж эхэлсэн он цагаас тоолбол 78 жил, “Орано Майнинг” компани болон Монгол Улсын төрийн өмчит Мон-Атом ХХК-н хамтарсан “Бадрах энержи” компани ураны салбарт дэлхийд өрсөлдөхүйц тэргүүлэгч “шар нунтаг” экспортлогч болох гараан дээр ирснийг түүхэнд тэмдэглэн үлдээх завшаан тохиолдож буйд сэтгүүлч хүнийхээ хувьд олзуухаж сууна. Францийн Орано групп албан ёсоор Монгол Улсад орж ирж геологийн хайгуул хийснээс хойш 27 жилийн хугацаанд олон удаагийн тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэн шинжлэх ухаанаар нотлогдож батлагдсан мэдээллийн олон бааз суурь бий болоод байна. Ийм үед уран олборловол 2 толгойтой хонь, ямаа төрөх, хүн мал үй олноороо устаж үгүй болох мэтийн уран сайханчилсан үлгэр домог, цуу ярианд итгэх нь ХХI зууны соёлт хүнээс гарч боломгүй хоцрогдсон үг, үйлдэл болсон талаар сануулах нь илүүц биз. Энэ талаар эргэлзсэн зүйл байвал хүн амынхаа тоотой харьцуулахад ухаалаг утасныхаа хэрэглээгээр дэлхийд дээгүүр жагсаж байгаа Монгол Улсын иргэн та цахим орчноос хангалттай мэдээлэл авах боломж байгааг сануулъя. Бид одоо нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын газрын хөрсөн доор байгаа ураныг ГДУО баяжуулах аргаар олборлож гаргаж авах үйл явц бол цөмийн эрчим хүчний түлшний түүхий эдийг бэлтгэх хамгийн эхний шат дамжлага. Энэ түүхий эдийг цаашид 3-4 шат дамжлагаар баяжуулсаны эцэст сая атомын цахилгаан станцын түлш бэлэн болдог. Тухайлбал зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авна гэсэн үг. Ураныг олборлож нөөцтэй болсон нөхцөлд атомын цахилгаан станцтай болох дараагийн алхамаа хийхэд дөхөм гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой гэдгийг физикч, доктор Н.Тэгшбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл өөрсдөө уран олборловол хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэдгийг тэрбээр тодотгожээ. Тэгвэл нэгэнт эхний алхамаа хийсэн учраас дараа дараагийн алхамаа тооцож хууль эрх зүйн орчин болоод санхүү төсвийн нөөцөө энэхүү бодлоготойгоо уялдуулах нь зөв. Монгол Улсын дараагийн амбиц бол атомын цахилгаан станцтай болж, эрчим хүчний хараат байдлаас гарах. Атомын цахилгаан станцтай болохын тулд хамгийн багадаа 10-15 жилийн шаардагдана гэдгийг судлаачид хэлдэг.
Тэгвэл бага оврын модуляр реактор /SMR/ хөгжиж байгаатай холбогдуулан дэлхийн 30 орчим улс цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө шинэчилж, төлөвлөж, эхлүүлээд байгаа энэ үед Монгол Улс дэлхийн хөгжлөөс хойш сууж болохгүй. Бага болон дунд оврын модуляр реактор (SMR) нь цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангасан хамгийн шинэлэг технологиудын нэг юм.
Энэ төрлийн реактор нь том оврын өндөр хүчин чадалтай реакторуудтай харьцуулахад илүү уян хатан бөгөөд бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг орлуулан ашиглах боломжтой. Бага болон дунд оврын модуляр реакторын технологи болон хийц загварыг сүүлийн 5-10 жилийн хугацаанд эрчимтэйгээр хөгжүүлж байна. Өнөөгийн байдлаар 50 гаруй бага оврын модуляр реакторын загварыг шинээр зохион бүтээсэн бөгөөд тэдгээрийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн гишүүн орнууд реакторыг аюулгүй ажиллуулах талаар судалгаа шинжилгээг өргөжүүлсээр байна. Ойрын жилүүдэд бага болон дунд оврын арилжааны реакторуудыг ажиллуулж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр нь аюулгүй ажиллагааны шинэлэг, сайжруулсан онцлогуудыг өөртөө агуулсан аж. Бага дунд оврын модуляр реакторууд нь цахилгаан, дулааныг зэрэг үйлдвэрлэх боломжтой уламжлалт цөмийн реакторуудтай харьцуулахад овор хэмжээ нь ойролцоогоор 2-3 дахин бага байдаг. Нэгж модуль нь (ОУАЭА-ийн ангилалаар) 300 МВт хүртэлх хүчин чадалтай бөгөөд реактор түлшээ солихгүйгээр 24-60 сар тасралтгүй цахилгаан, дулаан үйлдвэрлэн ажиллах боломжтой гэдгээрээ онцлог. Энэ төрлийн реакторыг эрчим хүчний төвийн системээс алслагдсан, ойр орчимд эрчим хүчний нөөцгүй улс оронд 2-10 мянган хүн амтай тосгон сууринг цахилгаан дулаанаар хангах бүрэн боломжтой бөгөөд цаашид реакторын модулыг нэмэх замаар чадлыг ихэсгэх боломжтой аж. Иймд реакторыг барьж угсрах урсгал зардал болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардал нь бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс бага бөгөөд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх шаардлагыг хангасан реактор юм. Монгол Улс бага оврын реактортой болоход алсын хараагаа чиглүүлэх нь байгалийн баялагаа түүхийгээр нь биш аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээх, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох алс хэтийн зорилготой яг цав нийцэхээс гадна, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн алхам болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.world-nuclear.org/information-library/nuclear-fuel-cycle/nuclear-power-reactors/small-nuclear-power-reactors.aspx эндээс үзэж сонирхоно уу