Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор “DroneCon-2025” Үндэсний нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ажиллагааны аварга шалгаруулах анхны тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээний зорилго нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн спортыг хөгжүүлэх, дрон үйлдвэрлэлийг дэмжих, технологийн аюулгүй байдлыг хангах, дрон технологийг хөдөө аж ахуй болон нийгмийн бусад салбарт өргөнөөр ашиглахад чиглэгдсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмцээний финалын тоглолтуудыг үзэж сонирхон, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. Тэрээр дрон технологи дэлхий дахинд маш хурдацтай хөгжиж, эдийн засаг, батлан хамгаалах, гамшгийн хариу арга хэмжээ зэрэг олон салбарт хурдан нэвтэрч байгааг онцлоод, цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна хүн хүчний хэрэгцээг бууруулж байгааг дурдав. Жишээлбэл, 2023 онд дрон технологийн зах зээл барилгын салбарт 44 хувь, хөдөө аж ахуйн салбарт 38 хувь, батлан хамгаалахын салбарт 28 хувиар өссөн байна.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Монгол Улс өргөн уудам газар нутагтай, уур амьсгалын олон янз нөхцөлтэй, дэд бүтэц хязгаарлагдмал, хүн ам цөөн тул орчин үеийн дэвшилтэт технологийг бүх салбарт өргөнөөр нэвтрүүлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын өрсөлдөх чадвартай байх нь туйлын чухал юм. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтой. Тиймээс төрийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дрон технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал болон бусад салбарт өргөн ашиглах, чадварлаг операторуудыг бэлтгэх, улмаар дотоодын дрон үйлдвэрлэгчдийг хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай” хэмээн онцлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “DroneCon-2025” тэмцээн Монгол Улсад дрон спортыг хөгжүүлэхээс гадна дрон ашиглалт, үйлдвэрлэл, хөгжлийг хурдасгаж, Монгол Улсын дрон технологийн салбарыг бэхжүүлж, энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр “DroneCon-2025” тэмцээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлээд, холбогдох яам, агентлагуудтай хамтран хүүхэд, залуусыг дрон болон нисэх онгоцны загвар бүтээх, энэ спортыг хөгжүүлэх, Монгол Улсад дрон ашиглах болон программ хангамжийг хөгжүүлэхэд анхаарах ёстойг онцоллоо. Түүнчлэн олон улсын туршлага, жишигт нийцсэн дрон ашиглах нарийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, дрон хамгааллын системийг хөгжүүлэх шаардлагатайг дурдсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, олон улсын хэмжээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, түүнчлэн хамтран оролцсон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад талархал дэвшүүлэв. “DroneCon-2025” тэмцээнд 500 гаруй тамирчин мэргэжлийн, сонирхогчийн, тоглоомын болон өөрийн угсралтын ангилалд өрсөлдлөө.