2025 оны Хацү башё буюу Их Сүмогийн аварга шалгаруулах тэмцээн 15 өдрийн ширүүн өрсөлдөөний эцэст Токио хотын Рёогокү Кокүгикан үндэсний сүмогийн ордонд өндөрлөлөө. Монголын сүмо бөх, озэки Хошорюү Бямбасүрэнгийн Сугаррагчаа 12–3 амжилтаар хоёр дахь удаагаа Эзэн хааны цомын эзэн болж, аваргын цол хүртэв.
Тэмцээний сүүлийн өдөр Хошорюү Казахстаны Кинбозан болон домогт Ёкозүна Тайхогийн ач хүү Оохо Коносүкэтэй хоёр нэмэлт барилдаан хийж ялалт байгуулснаар түрүүлсэн юм. Энэ удаагийн ялалт нь Монголын сүмочид мэргэжлийн сүмод орсон цагаасаа хойшхи 23 жилийн хугацаанд хүртэж буй 103 дахь аварга бөгөөд Хошорюүгийн озэки цолтойгоо түрүүлж буй анхны тохиолдол болж байна.
Хошорюү Бямбасүрэнгийн энэхүү онцгой амжилтын дараа түүнийг ёкозүна цолонд өргөмжлөх асуудлыг Японы Сүмогийн Холбоо болон Ёкозүнагийн Зөвлөл хэлэлцэхээр төлөвлөж байна. Хэрэв зөвшөөрвөл, тэрээр мэргэжлийн сүмогийн 74 дэх, Монголын 6 дахь ёкозүна болох юм.
Мэргэжлийн сүмогийн түүхэнд Их аварга Хакүхо Даваажаргал 45 түрүүтэйгээр дээд амжилтыг эзэмшдэг бол Асашорюү Дагвадорж 25, Ёкозүна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 10, Харумафүжи Бямбадорж 9, Какүрюү Ананд 6 түрүүтэй. Харин Хошорюү Бямбасүрэн, Маэгашира Тамаваши Мөнх-Оргил, Киришима Лхагвасүрэн нар тус бүр 2 түрүүтэй байгаа бол Кёкүтэнхо Цэвэгням, Ичиножёо Ичинноров нар нэг түрүү хүртсэн байдаг.
Киришима Лхагвасүрэн тэмцээний эхэнд дараалан гурван удаа ялагдсан ч гайхалтай эргэн ирэлт хийж, 11 ялалт байгуулан Кантё-Шо буюу Тэмцэх сэтгэлийн шагнал хүртжээ. Тэрээр хаврын башёд Комүсүби цолтойгоор барилдана. Мөн 40 настай Тамаваши Мөнх-Оргил 9, Ошома Дэлгэрбаяр 8, Тамашохо Эрдэнэбилэг 6, Онокацү Чойжилсүрэн 7, Чиёшома Мөнхсайхан 9 ялалт тус тус байгуулсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Хацү башёд барилдсан 19 монгол сүмочдоос нэг нь түрүүлж, 11 нь качикоши буюу ялалтаа илүү гарган өндөр амжилт үзүүлжээ. Харин 73 дахь Их аварга Ёкозүна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ тэмцээний дундуур бэртлийн улмаас башёг орхиж, зодог тайлах шийдвэрээ зарласан байна.