Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: Эх орондоо 14 төрлийн өвчнийг оношилж, эмчилдэг болно

САЙН МЭДЭЭ: Эх орондоо 14 төрлийн өвчнийг оношилж, эмчилдэг болно

“Инээмсэглэл-Эерэг хандлага 2019” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2019-02-14/ эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа 50 гаруй байгууллагын төлөөлөл 170 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна. .

eruul-mendiin-salbar-2019

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн /2019-02-14/

Өнгөрөгч онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд таван зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнд, Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127.0-183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиуллаа.

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтанд хамрууллаа

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлэв.

2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, нийт 52363 хүнийг хамруулжээ.

eruul-mendiin-salbar-2019

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн /2019-02-14/

Түүнчлэн, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэн 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тавьсан илтгэл салбарын төдийгүй олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Илтгэлдээ 2018 онд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдынхаа зорилтыг онцолсон юм.

2019 онд “Инээмсэглэл – Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлаж байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриаллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн