“Хүмүүн бичиг” сонины редакцаас МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит зохион байгуулдаг “Шилдэг монгол бичигтэн-2024” олон улсын уралдааны шилдгүүдийн шагналыг 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гардууллаа.
Энэ жилийн уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 18 аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад Улсаас нийт 1200 гаруй бүтээл ирүүлсэн байна. Уралдааны хамгийн өндөр настай оролцогч нь Баянгол дүүргийн оршин суугч, 102 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн залуу оролцогч нь Монгол Улсын Консерваторийн Классик урлагийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагч У.Ганзаяа байлаа. Шагнал гардуулах ёслолын үеэр эдгээр хоёр оролцогч өөрсдийн сэтгэгдлээ хуваалцав.
С.Жигмэдсүрэн хэлэхдээ:
“Би “Шилдэг монгол бичигтэн” олон улсын уралдаанд 27 дахь удаагаа оролцож байна. Монгол бичиг бол монголчуудын гайхамшигт оюуны бүтээл, үндэсний тусгаар тогтнол болон өөрсдийн жинхэнэ мөн чанараар амьдарч буй ард түмний бэлгэ тэмдэг юм. Тиймээс монгол хүн бүр монгол бичгээ сурах ёстой.
Би энэ уралдаанд ирээдүй хойч үе маань босоо бичгийг баттай сурч, хөдөлмөрч бичигчид болоосой гэж найдаж оролцдог.
1940 оноос 2015 он хүртэлх 75 жилийн ухамсарт амьдралаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулахдаа 46 жилийг боловсрол, шинжлэх ухааны салбарт, 29 жилийг цэргийн албанд зориулжээ. Энэ хугацаанд би нийт 40,100 хүнд монгол бичиг зааж сургасан.
Ирээдүй хойч үедээ хэлэхэд, хүн төрөлхтөн бол байгалийн бүтээл, бие, хэл, сэтгэл гуравт орших юм. Хүмүүс оюун ухаанаа ухаалгаар ашиглахын тулд оюун ухаан олгогдсон. Орчлон ертөнцөд хамгийн хүчирхэг зүйл бол оюун ухаан юм. Ухааныг номоор хурцалж, өргөжүүлж чадна. Хүн гэдэг нь зүгээр нэг амьд байх биш, харин утга учиртай амьдрах ёстой. Тиймээс та бүхэн эх хэл, утга зохиолоо хүндэлж, эрхэмлэн дээдлээрэй гэж хичээнгүйлэн захимаар байна.”
Хамгийн залуу оролцогч У.Ганзаяа:
“Би “Шилдэг монгол бичигтэн-2024” олон улсын уралдаанд дуртай зүйлсээ хийж оролцсон. Тиймээс би монгол гэр, тоглоомууд хийсэн. “Б” үсгийг ашиглан байшин зурж, “Ш” үсгийг ашиглан шувуу зурсан. Мөн “Б” үсгийг ашиглан бар, “Х” үсгийг ашиглан морин хуур зурсан. Би гоё зүйл бүтээе гэж бодсон” гэжээ.