Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хүннү Рок урсгалыг дэлгэрүүлэгч “THE HU” хамтлагийнхантай уулзав

Хүннү Рок урсгалыг дэлгэрүүлэгч “THE HU” хамтлагийнхантай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990 оны үед Монголын хөгжмийн зах зээл жижиг байсан талаар дурсав. Тухайн үед хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь шинэ урсгал бий болох, амьд хөгжмийг мэдрэх шинэлэг зүйл авчирч байсан талаараа ярьцгаав.

Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд уг хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Уг хамтлаг 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөсөн бөгөөд эхний хоёр дуугаа цацсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрчээ. Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ. Ийнхүү Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, нэр алдарт хүрсэн ч түүндээ эрдэлгүйгээр хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй хэмээн сануулсан юм.

Мөн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл авлаа. Хамтлагийн хэрэглэдэг хуур, цуур зэрэг зэмсэг нь нөөцгүй тул дахин бүтээх, хамтлагийн өвөрмөц шинж, урсгалыг хурцлах хувцасны загвар бүтээлгэх, гадаад улсад аялан тогтлолтоор явах зэрэгт олон сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болдог байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн