Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Авлигын асуудал Ангол, Португал улсын дипломат харилцаанд сэв суулгах уу…

Авлигын асуудал Ангол, Португал улсын дипломат харилцаанд сэв суулгах уу…
Ангол Улс болон тус улсыг колончилж байсан Португал улсын хооронд улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байна. Ангол Улсын дэд ерөнхийлөгч ба төрийн өмчийн газрын тосны компанийн дарга асан Мануэл Висэнтийн авлигын хэргийг Лисбонд шалгаж байна.
Тэрээр өөрийн Португал улс дахь үл хөдлөх хөрөнгийг нь мөрдөн шалгах ажиллагааг зогсоохын тулд тус  улсын прокурор Орландо Фигуейрад 760000 еврогийн хахууль өгсөн мөн Ангол улсын банкинд ажил санал болгосон хэрэгт шалгагдаж байгаа аж.

Гэвч дэд ерөнхийлөгч асан Висэнт нь Лисбон дахь шүүхийн танхимд очоогүй бөгөөд ер нь тэнд очихгүй байх магадлал өндөр байна. Анголын шүүхийн байгууллагууд Португалийн Прокурорын газраас Висэнтийг албан ёсоор шүүхэд зарлан дуудсан хүсэлтийг хүлээн аваагүй байна. Хэрэв Анголын тал энэхүү авлигын хэрэгт хамтран ажиллахаас энэ маягаар татгалзах аваас Висэнтийг оргон зайлсан хэмээн зарлаж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах юм.

Висэнтийн хуульч нар болон Анголын засгийн газраас дээрх авлигын хэргийг Ангол улсад шилжүүлэн авахыг хичээж байна. Гэвч тэд хэргийг шилжүүлж авбал хэрэг хэзээ ч шүүхээр шийдвэрлэгдэхгүй гэдгийг тодорхой мэдэгджээ. Учир нь Винсэнт дэд ерөнхийлөгч байсныхаа хувьд халдашгүй дархан эрх эдлэхийн хамт Өршөөлийн хуульд хамрагдах аж.

Энэхүү үүсээд буй нөхцөл байдал нь Португал болон Ангол улсын харилцаанд сэв суухад хүргээд байна. Португалийн шүүх тус хэргийг шийдвэрлэх талаар Ангол Улсын хүсэл зориггүй байдлыг шүүмжилж байгаа бол Ангол Улсын Ерөнхийлөгч Жоао Лоурэнко Португал улс энэхүү хэргийг шалгаж байгаа нь Ангол улсыг доромжилж байгаа тэвчишгүй үйлдэл хэмээсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Анголын талаас хэрэв дээрх хэргийг шүүх асуудал үргэлжлэх аваас эдийн засгийн болон улс төрийн хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байсан юм. Энэхүү дарамт шахалт нь дан ганц Висэнтийн хэрэг бус өөр Анголийн иргэдийн Португал улсад үйлдсэн гэх мөнгө угаах болон бусад гэмт хэргүүдтэй холбоотой ажээ.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн дарамт шахалт “үр дүнгээ” өгч байсан байна. 2013 онд анх Висэнтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж байхад тухайн үеийн Португалийн Гадаад харилцааны сайд Ангол Улсын радиод ярилцлага өгөхдөө уучлалт хүсч, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ямар ч үр дүнд хүрэхгүй хэмээн мэдэгдэж байжээ.

Португалийн одоогийн засгийн газар энэхүү хэргийн шүүх ажиллагаанд ямар нэгэн саад учруулах эрхгүй гэдгээ илэрхийлсэн ч энэ хэрэг нь хоёр улсын найрамдалт харилцааг цочролд оруулж байна хэмээн олон удаа мэдэгдсэн байна. Португалийн Ерөнхий Прокурор Жоана Маркис Видал уг хэргийг улс төрийн аливаа дарамт шахалтаас ангид шийдвэрлүүлэхийн тулд уг хэрэгт ажиллахаас өөрийгөө чөлөөлсөн байна.

Португал болон Ангол Улсын засгийн газрууд улс төржилгүйгээр, бие даасан, хүчтэй шүүх засаглал хоёр улсын хоорондын харилцаанд саад болж хэмээн үзэлгүйгээр, хуулийг дээдлэн энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатай хэмээн “Транспэрэнси Интернэйшнл” үзэж байна.  Үүний оронд тэд ээлжлэн мэдэгдэл хийн, үргэлжилж буй шүүх хурлын ажиллагааг шүүмжилж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн