Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа

БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019-04-28/Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулав.

–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн