Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэлсэн. Тэрээр айлчлалынхаа хүрээнд БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзана. Үүнтэй холбогдуулан зарим тоо баримтыг хүргэж байна.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын 46 212 иргэн /үүнээс эрэгтэй-22433, эмэгтэй 23779/ оршин сууж байгаа гэсэн тооцоо гарчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 671 иргэнээр буюу 33,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БНСУ-д оршин суугаа Монгол Улсын нийт иргэдээс аялал жуулчлалаар 22 062, оюутан 7404 (хэлний бэлтгэл ангид 3539, их сургуульд 3865), гэрээгээр 6 881, Солонгос иргэнтэй гэр бүл болсон 1753, бусад зорилгоор 4308 иргэн оршин сууж байгаа юм байна. Харин нийт иргэдийн 26,9 хувь буюу 12476 иргэн хууль бусаар оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна.
БНСУ-ын ХЗЯ–ны Цагаачлалын албанаас явуулсан шалгалтын хүрээнд 2017 оны нэгдүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Монгол Улсын 995 иргэн саатуулагдан нутаг буцсан бол, 2017 оны 7 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 10-ны хооронд зарласан өршөөлийн аяны хугацаанд 537 иргэн сайн дураараа нутаг буцжээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр гадаадын иргэдийн зүгээс гэмт хэрэг үйлдэх явдал жил ирэх тусам өсч, 2016 онд 53151 гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсоны 5 хэрэг тутмын 1 нь хүн амины гэх мэт хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байна.
2015 онд манай улсын 1393 иргэн гэмт хэрэгт холбогдсон нь 2014 оныхтой харьцуулахад 14,5 хувиар өссөн бол, 2016 онд 1758 болж, өмнөх оныхоос 26,6 хувиар өсчээ.
2016 онд БНСУ-д оршин суугаа манай улсын 1758 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноос 55 хүнийг хорьж шалгасан байна. Үүнээс, хүн амины хэрэг 7, дээрэм 5, бэлгийн хүчирхийлэл 42, хулгай 279, хүчирхийлэл 431, оюуны өмчийн 77, мөрийтэй тоглоом 9, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 526, бусад гэмт хэрэгт 382 хүн холбогджээ.