Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Төв цэвэрлэх байгууламжийн “Лаг усгүйжүүлэх байгууламж” нээгдлээ

Төв цэвэрлэх байгууламжийн “Лаг усгүйжүүлэх байгууламж” нээгдлээ

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна.

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг механик, биологи аргаар цэвэрлэх явцад органик болон эрдэс гаралтай төрөл бүрийн хаягдал, лаг, үлдэцийг ялган авдаг.

Эдгээр бохирдол нь их хэмжээний органик бодис, гельминтийн өндөр агуулдгаас түүхий буюу боловсруулаагүй үедээ амархан ялзардаг, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг тул бохир ус цэвэрлэгээний явцад ялгаран гарах лаг үлдэцийг хүрээлэн буй орчинд аюулгүй боловсруулах зорилгоор лаг боловсруулах байгууламжийг төлөвлөдөг.

Одоо ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хот орчмын агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон.

Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн