Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ.
Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу тоноглогдсон ухаалаг зогсоолууд энэ сарын 8-аас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм байна.
Ухаалаг утастай хүн бүхэн Google Play эсвэл Apple Store-оос “UB Parking аппликейшн”-ийг татаж авснаар жолооч нар сул зогсоолын мэдээллийг авч, цаг алдалгүйгээр зогсоолоор үйлчлүүлэх, мөн автомашинаа зогсоолд байх үед нь камераар хянах боломжтой аж.
Ажлын өдрүүдэд өглөөний 8.00-20.00 цаг хүртэл бусад төлбөртэй зогсоолуудын адилаар 1 цаг нь 1000₮, харин орой 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд болон амралтын өдрүүдээр үнэ төлбөргүй үйлчлэх аж.
УБ Паркинг компани технологийн тусламжтайгаар ухаалаг зогсоолын үйлчилгээг санаачилж, өөрийн хөрөнгөөр төслөө санхүүжүүлсан байна. Ухаалаг зогсоолын үйлчилгээ нэвтэрснээр зогсоолуудын ойр орчмын замын түгжрэл 30 хүртэл хувиар буурч, иргэд зогсоол хайхад зарцуулдаг цаг хугацаагаа хэмнэх юм.