Ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын тасалбарын 60 гаруй хувь нь борлуулагдаад байгаа тухай уг олимпийг зохион байгуулах хороо мэдэгджээ.
Тус хорооноос ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 1.07 сая таслбарын 61 хувь нь буюу 655 мянган тасалбарыг борлуулаад байгаа аж. Хоёр сарын өмнө тасалбарын ердөө 32 хувийг борлуулаад байсан юм.
Албаны хүмүүсийн хэлснээр, Өмнөд Солонгосын улс төрийн тогтворгүй байдал болон Умард Солонгос нь “Пёнчан-2018”-ын тасалбарыг борлуулахад сөргөөр нөлөөлж байсан хэдий ч олимпийн бамбарыг буухиалж эхэлснээс хойш тасалбарын борлуулалт эрс нэмэгдсэн гэнэ.
Үлдсэн тасалбарыг ирэх оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө буюу олимпийн нээлтээс өмнө борлуулж дуусгахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.