2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргын А/1042 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн түр зогсоосон. Тус захирамжийг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр 2017оны арванххоёрдугаар сарын 31-ний байдлаар 9949 иргэн шилжин ирж, 11256 иргэн шилжин явжээ.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 202 мянган өрхөөс гадна 11-100 кВт хүртэлх хүчин чадалтай усан халаалтын -2724 зуух, 101 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон ус халаалтын -321 зуух утаа үйлдвэрлэж байна. Үндэсний хөтөлбөрт туссанаар 101 кВт-аас дээш хүчин чадалтай 228 зуух буулгахаас одоогоор 45 халаалтын зуухыг буулгаж, 56 хэрэглэгчийг нь төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг хийсэн. 2017 оны төсвийн тодотголоор гэр хорооллын дулааны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, зураг төсөл нь бэлэн болсон 68 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн системд холбох 23 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэж, 9 багц болгон ажлыг эхлүүлээд байгаа аж. Үүний дүнд жилд 59’000 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах юм.
Сургууль, цэцэрлэг зэрэг орон байрны доторх агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, эмнэлгийн ажилтан, оюутан, сурагчдыг оролцуулсан сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулж байна. 2017 онд 93 цэцэрлэг, 26 сургуулийн бага анги, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасагт нийт 1413 агаар шүүгч төхөөрөмж олгосон. Энэ арга хэмжээнд нийслэлийн төсөв болон Дэлхийн банкны санхүүжилтээр 1,1 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабын 300 айлын орон сууц, Баянгол дүүргийн 11-р хорооны 36-р байр, ерөнхий боловсролын 34, 63, 39, дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн байрыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох, гадна шугам сүлжээ, холигч насосны узель суурилуулах ажлуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 1-3-р сард авч хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшуулалд 114’512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.5 тэрбум төгрөгийг БОАЖ сайдын багцаас зарцуулсан ба үүний дүнд РМ2.5, РМ10 тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувиар өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувиар нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гарчээ. Уг арга хэмжээг энэ өвлийн саруудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.