Швейцарийн Цюрих хотын “АВ43 Contemporary” үзэсгэлэнгийн танхимд Монголын уран зураач Э.Отгонбаярын “Зураг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, олны хүртээл болж буй юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэд соёл урлаг сонирхдог болон Монголд элэгтэй швейцарьчуудаас гадна Цюрихийн ойролцоо амьдардаг монголчууд оролцжээ.
“Зураг” үзэсгэлэнгийн нээлтэд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож үг хэлсэн байна. Тэрбээр Монголын уран бүтээлчийн зургийн үзэсгэлэнд ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэн зураачийн талаар танилцуулга хийж, Монгол, Швейцарь хоёр орны харилцаа, ялангуяа соёлын харилцааг хөгжүүлэх чиг баримтлан ажиллахаа мэдэгджээ.
Германы Берлин хотноо байнга оршин сууж, уран бүтээлээ туурвидаг зураач Э.Отгонбаяр Герман, Нидерланд, Швед, Франц, Япон, Чех, Энэтхэг, Польш, Румын зэрэг улсад зохиогдож байсан олон үзэсгэлэнд амжилттай оролцож байсан аж. “Зураг” үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл олны хүртээл болох юм байна.