Японы эзэн хаан Акихито өнөөдөр /2019.04.30/ хаан ширээнээсээ бууна. Өдгөө 85 настай Акихито хаан ширээнээс буух шашны болон гэр бүлийн ёслолоо хийж гүйцэтгэлээ.
Тэрбээр үдээс өмнө анхны эзэн хаан болон өөрийн эцэг Хирохито нарын бунханд хүндэтгэл үзүүлсэн бол дараа нь Шинто шашны шүтээн, өвөг дээдэс,
Нарны бурхан Аматэрасүд зориулсан гурван ариун сүмд очиж, мөргөл үйлдсэн байна. Энэхүү ёслолууд нь хаан ширээгээ дараагийн хаанд шилжүүлэн өгч байгаагаа дээд Бурханд айлтгаж байгаа гэсэн утгатай юм.
Харин хаан ширээнээс буух гол ёслол болох Тайирэй-Сэйдэн-ноги хэмээх ёслол нь орон нутгийн цагаар 17.00 цагт Токио дахь эзэн хааны ордны Мацү но Ма танхимд эхлэх аж.
Ердөө 10 минут орчим үргэлжлэх уг ёслолд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд тэргүүтэй 330 зочид төлөөлөгч оролцох ба эзэн хаан Акихито, хатан Мичико нар танхимд орж ирснээр эхэлнэ.
Эхлээд Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдээ төлөөлж үг хэлэх бөгөөд дараа нь Акихито хаан ард түмэндээ хандаж хамгийн сүүлийн удаа Япон улсын эзэн хааны хувиар үг хэлэх юм байна. Хууль ёсны дагуу 00.00 цаг хүртэл эзэн хаан хэвээр байх юм.
Тэрбээр сэнтийгээсээ буусныхаа дараа олон нийтийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй, олны нүднээс далд амьдрах юм. Бүр маргааш /2019.05.01/ ууган хүү Нарухитогийнхоо хаан ширээнд залрах ёслолд ч оролцохгүй гэнэ.
Акихито хаан 2016 онд анх өөрийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа тухайгаа ард иргэддээ мэдэгдэж байсан.